2015年1月7日水曜日

“...ГЭНЭ”, “....ГЭНЭ ЛЭЭ” “...Л ГЭНЭ ШҮҮ”


   Энэ бол сүүлийн үед Монголд МОДА-нд ороод байгаа Монголчуудын амнаас салдаггүй үгс. Энэ нь эерэг талаас нь харвал шинэ шинэлэг мэдээ мэдээллээс түгээх гэсэн сайн талтай боловч хагархай хэнгэрэг шиг хэрэгтэй хэрэггүй мэдээллээр бөмбөгдөх нь бүр дэндэх...
Цаас байхад хэмжээтэй байсансан.
Цахим ертөнцөд хэмжигдэхээ байлаа.
   За энэ яахав наргиан байлаа. Харин нөгөө талаас нь харвал өөрийн гэсэн бодолгүй, энд тэнд үсчсэн, нэр хүнд, ашиг хонжоо харсан сэтгэлгээ цаана нь цухалзана. Энэ сэтгэлгээ Монгол Улсын төрийн бодлогоос авхуулаад БҮХИЙ Л ЗҮЙЛС дээр илэрч байна.
   Ялангуяа сүүлийн хориод жил төрийн дарга нар нь энд тэнд очиж улсаа “муулж” тусламж горилсоны ачаар одоо цагт гадны төслүүд хаа сайгүй, хөл толгой нь мэдэгдэхээргүй олширсон. Тэд өөр өөрсдийн стандартаар өөрсдөө ихэвчлэн хийж өгдөг байлаа. Ийнхүү тэр ч улсын энэ ч стандар гээд л өнөөх “гэнэ” гэдэг сэтгэлгээг улам дэврүүлж өгсөн ба бид бэлэнчлэх сэтгэлгээнд дассаад авсан.   
   Өнөөдөр ISO, ГОСТ, JIS гэсэн олон улсын, дэлхийн хэмжээнд яригдах стандартууд хаа сайгүй стандарт яригдах болж. Бид нэг дэлхий дээр байгаа ч тэр шүтээд байгаа улстай наад зах нь газарзүйн байршил, цаг уурын нөхцөл, байгалийн гамшигийн эрслэл, хүн ам, зах зээл, эдийн засаг, улс төрийн тогтолцоо, санхүүгийн чадамж, соёл, түүх, эрхлэх аж ахуй гээд л бүхий л талаараа өөр. Гэтэл үүнийг эс тоон гол зохицуулалт хийж стандарт батлах төрийн байгууллагууд маань социализмийн үед гэхэд ГОСТ-оос эхлүүлээд  одоо бол энд тэндэхийн стандарт, дүрэм журмийг “Copy Paste” маягаар баталсаар л...
   Бид хандлагаа өөрчилж энэ бүгдэд ямар нэг шүүлтүүртэйгээр хандах цаг болсон мэт...
Юун түрүүнд судлагааг илүү өндөр төвшинд хийх хэрэгтэй. Учир нь бид капитализмийг алгасаад социализм рүү шилжсэн гэж ярих дуртай. Үүнтэй нэгэн адил Нүүдэлчдийн соёл иргэншлээс сууршмал соёл иргэншил рүү дуртай ч дургүй ч шилжиж байна.
Балар эртний амьдрал болох нүүдэлчин хэвээрээ үлдэх үү?
Барууны соёлыг дагаж паалантай жорлонтой болох уу?
   Энэ бас л наргиан байлаа. Жорлон гэснээс энд нэг жишээ татъя л даа. Паалантай жорлон гэхээр бидэнд суултууртай жорлон санаанд буудаг. Японд харин суултуургүй паалантай жорлон байна аа. Дашрамд дуулгахад суултууртай жорлонд “хүндрэх” нь шулуун гэдэсэнд тийм ч сайн нөлөөгүй, харин явган сууж хүндрэх нь байгалийнхаа жамаар амархан хүндрэх нөхцөлийг бүрдүүлдэг гэх яриа байдаг. Энэ ярианаас харахад нэгт Япон улс нь барууны соёлын дуурайхдаа “шүүж” өөрийнхөө хэв маягт тааруулж дуурайдаг байх нь. Хоёрт барууны соёл тэр бүр зөв байдаггүй байх нь гэдгийг харж болохоор байна.


   Тэгэхээр эргээд судалгааны тухай яриандаа оръё. Биднийг малаа маллаж, байгальтайгаа дасан зохицож амьдарч байх хооронд “хөгжингүй” гэх тодотголтой улс орнууд бүхий л үзэгдэлийг судалж, томъёолох их ажилд оржээ. Тэд өөрсдийн гэсэн томъёололоо гаргаж цааш нь хөгжүүлж, олон шинжлэх ухааны ололтуудыг нээсээр байна. Тэдгээрийн үр дүнд өнөөгийн бидний аж төрөх хэв маягийг цогцлоож байна. Товчлуургүй утас, утасгүй интернет, 3 D printer гээд л зогсолтгүй урагшилсаар л... Энэ бүгд зөвхөн техник технологиор барахгүй хоол хүнс, анагаах ухаан бүхий л салбарт ч мөн ижил яригдаж байна.
   Би энд эднийг магтах гэсэнгүй. Тэд өөрсдийн замаар ийм үр дүнд хүрсэн. Аливаа зүйл 2 талтай байдгийн адилаар давуу тал байвал дутагдалтай тал бас байна. Нөгөө л жорлон дээрээ жишээ авъя. Монголд “Бидэ” гэж нэрлэгдээд байгаа уг гарал нь “Bidet” буюу одой морин дээр суух гэсэн утгатай Франц үгнээс гаралтай жорлонгийн суултуурийн тухай. Би энэ бидэт жорлонтой анх “танилцах”-даа суултуур дээр хагас сууснаас болж ар нурууруугаа ус цацуулж байж билээ.
Нэг иймэрхүү юм болсон юм даа =P

  Бидэ-г анх хүнд, хөнгөнөөр бие засах болон бэлгийн ажлын өмнө, хойно “өнөөх”-өө цэвэрлэх зориулалтаар Европын орнуудад дэлгэрсэн ба жорлонгоос тусдаа суурилуулагдсан угаалгын суултуур байжээ. Харин Япончууд үүнийг сайжруулж суултуур дээр суух хүний биеийн темпратурт тааруулж усан халаалттай болгож, аль хэсгээ угаахаас нь хамааруулаад урагш хойш гүйдэг угаалгын цорго, хатаагч сэнс хүртэл байрлуулж, дээрээс нь япончууд их ичэмхий улс учраас хүндэрч, хөнгөрөхдөө дуу чимээг нуух зорилгоор усны хоржигнох дуу гаргагч суурилуулж, эцэст нь автоматаар ус нь татагдаж, таг нь хаагддаг болгосон байдаг. Энэ бүгдийг сонсоход их л таатай сонсогдож байгаа байх. Гэтэл уг төхөөрөмжөнд “автагдсан” хүмүүс өөр газар хүндэрч чадахааргүй муу занд сурдаг тал бас байна.
Нэг иймэрхүү эд. Бодитоор нь Япон хоолны ресторан СЭКИТЭЙ 1-т очиж үйлчилүүлэхдээ туршиж болно. =)

Тохируулагч удирдлагын хэсэг нь
     
   Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр нэгдүгээрт өмнөх жишээний адилаар өөрсдийн онцлогт тааруулах буюу тэгэхдээ бүтээлч сэтгэлээр хандаж буй тухай, хоёрдугаарт хүн төрөлхтөн ая тухтай зүйлд амархан дасдаг тухай буюу байх ёстой зүйл гэж хүлээж авах хандлагатай болдог тухай харж болж байна. Ингэснээр тухайн зүйл хэр үр нөлөөтэй вэ гэдгийг дахин эргэж харах чадваргүй болж, бие организм нь түүнд дасч, байгаль дэлхийн нөөц бололцоог бодолцож үзэх чадваргүй болоод байгаа мэт.

Эцэст нь “ийм байдаг”, “тийм байдаг” гээд тас түс хийтэл нь учир шалтгаантай, үндэслэлтэй мэдээллээр бие биеэнээ хангацааж, уламжлал, нөхцөл байдалдаа тохирсон шийдэлд хүрч, хамтдаа улам хөгжицгөөе гэж уриалья. (Жорлонгоор жишээ авсанд өршөөгөөрэй =) )